Ажилсаг бас үргэлж инээмсэглэх энэ байлдагчийг Б.Цэрэнпунцаг гэдэг. Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас хэсэг нөхдийн хамт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдон иржээ. Түүний хувьд ангидаа харуул манааны үүрэг гүйцэтгэж сурсан тул шөнийн ээлжинд гарахад бэрхшээлтэй зүйл байдаггүй. Найз Б.Оюунбаатартайгаа хамт дохиочин хийдэг. "Улс орны бүтээн байгуулалтад оролцож, зохих хувь нэмрээ оруулж байгаадаа өөрийгөө их азтайд тооцдог. Энэхүү төмөр зам баригдаж дууссаны дараагаар экспорт нэмэгдэж, улсын эдийн засаг өсөн, хөгжил улам хурдасна гэдэгт би итгэдэг. Тиймээс өөрийн хийж байгаа ажилдаа их хариуцлагатай хандахыг хичээдэг” гэх хэрсүү яриатай, шавилхан биетэй байлдагчийг хараад бахархах сэтгэл төрнө. Харин дээр дурдсан Б.Оюунбаатар гэх байлдагч түүний хамгийн дотнын анд, сайн зөвлөгч нь. Тэд хамтдаа цэрэгт татагдаж, нэг ангид алба хааж, бүтээн байгуулалтад гар нийлэн ажиллаж байгаа энэ цаг үе нь бидний нөхөрлөлийг гагнасан гинж шиг бат болгосон гэж дуу нэгтэй хэлэх юм билээ. Мөн манай сониноор дамжуулан аав, ээж, ах, дүү нартаа болон он жавууддаа "Албаа хаахын зэрэгцээ ажилд дөртэй болж, хуримтлал үүсгэн, ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийж байна. Аав, ээж хоёр минь, захиас номыг тань сайн биелүүлж байгаа. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй. Бидэнд санаа зоволтгүй, халагдаад очих хүртэл баяртай” гэж бүтээн байгуулалтын талбараас мэндчилснийг нь уламжилж байна.