"Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хил хамгаалах ерөнхий газрын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн Цэргийн сэтгэл судлаач, хошууч Б.Цэдэндоржийг урилаа.
Улс төрийн ажилтан буюу цэргийн сэтгэл судлаач
-Цэргийн сэтгэл судлал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны томоохон салбар ч Монгол Улсын хувьд төдийлөн хөгжиж амжаагүй байна.
Цэргийн алба хаагчид тулгарах бэрхшээлийг даван туулах, цагийн байдлын ямар ч нөхцөлд өгөгдсөн үүргийг амжилттай биелүүлэхийн тулд өөрийн бүх хүч чадлыг ухамсартайгаар зориулах, сэтгэл зүйн бэлтгэл олгох бүх чиг үүргийг нь хүлээж ажиллах үүрэг бүхий хүнийг цэргийн сэтгэл судлаач гэж нэрлэдэг.
Энгийнээр тодорхойлоход хилчид хил хамгаалах албан үүргээ халуун, хүйтэн, цастай, бороотой, эрсдэлтэй, аюултай бүх нөхцөлд гүйцэтгэж эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зогсох тэр сэтгэлийн хүчийг өгөх нь хилчин сэтгэл судлаачдын үүрэг гэж ойлгож болно.
Энэ үүргийг Монголд 1990 оноос өмнө Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академийг төгссөн цэрэг, улс төрийн ажилтнууд, одоо энэ цаг үед цэргийн сэтгэл судлаач нар гүйцэтгэж байна. Хилчин сэтгэл судлаачдын ажлын үндсэн талбар бол хилийн албанд зүтгэж байгаа офицер, ахлагч нар, тэдний гэр бүл, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид юм. Хилчдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь тодорхой зорилго чиглэлтэй, тогтоосон цаг хугацаатай явагддаг мэдээлэл, сурталчилгаа, соёлын, сэтгэл зүйн, цэргийн нийгмийн, суртал ухуулгын цогцолбор арга хэмжээ байдаг.
Дээрх цогцолбор арга хэмжээ нь системтэй хэрэгжиж байж сэтгэл зүйн тогтвортой байдлын асуудал яригддагаараа бусад иргэний салбарын сэтгэл судлаачдын гүйцэтгэх үүргээс хилчин сэтгэл судлаачдын үүрэг ялгаатай байдаг. Тодорхой тайлбарлавал хилчин сэтгэл судлаачид гэр бүлийн зөвлөгөө эсвэл эмгэг өөрчлөлт, хүүхдийн боловсрол гэхчлэн нэг чиглэлээ барьж ажиллах боломжгүй. Учир нь хилийн застав, хилийн отряд, хилийн харуул гээд бид хувь хүн, гэр бүл, хүүхэд, боловсрол, зарим тохиолдолд сэтгэцийн эмгэг өөрчлөлт гээд бүх талбарт ажиллах шаардлагатай тулгардаг. Ажиллах талбар маань ийм учир бидний ажлын арга барил ч иргэний салбарын сэтгэл судлаачдынхаас эрс ялгаатай байдаг.
Цэрэгт татагдах залуусын сэтгэл зүйн онцлог
Блиц:
Боловсрол:
2003-2007 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Цэргийн судлаач мэргэжлээр
2011-2013 онд МУИС-ийг Сэтгэл судлалын магистр
2016-2019 онд ОХУ-ын Москвагийн цэргийн их сургуульд Сэтгэл зүйн хангалт, зохион байгуулалт мэргэжлээр суралцаж төгссөн.
Мэргэжил:
Цэргийн сэтгэл судлаач
Ажилласан туршлага:
2007-2014 онд Хилийн 0101, 0130, 0168 дугаар ангид Заставын орлогч, ангийн захирагчийн орлогч
2014 оноос өнөөдрийг хүртэл ХХЕГ-ын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн Цэргийн сэтгэл судлаачаар ажиллаж байна.
-Иргэний амьдралаас цэргийн албанд ирж буй 18-хан настай аав ээжийн эрх танхи хүүхдүүд анх цэрэг татах төвд ирэхээс албаа хаагаад буцах хүртэл тухайн хувь хүнийг судлах ажлыг цэргийн сэтгэл судлаачид хариуцан тодорхой үе шаттай явуулдаг. Анхны судалгааг тухайн иргэн нь сэтгэл зүйн хувьд цэргийн албанд тэнцэх эсэх талаар явуулж, дүгнэлт гаргадаг. Z generation буюу 2000 оноос хойшх үеийнхэн өнгөрсөн жилээс цэргийн албанд ирж эхэлсэн. Эдгээр залуус маань нэг талаасаа биеэ даасан, мэдээллийг маш олон талт эх сурвалжаас авч сурсан байдаг боловч харилцааны хувьд дутуугийн мэдрэмж өндөртэй, эрсдэлтэй зүйлсийг өөр дээрээ цөөнгүй туршиж байсан зэрэг онцлогтой байна. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зүйлийг ямар нэг байдлаар хэрэглэж байсан залуус цөөнгүй гарч байгаа нь бидэнд багагүй санаа зоволт үүсгэж байгааг нуух юу байх вэ. Хилчин сэтгэл судлаачид бид сэтгэц, наркологийн эмч биш учир ямар нэгэн сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй залуусыг тодорхойлж шууд дүгнэлт гаргах эрх байдаггүй. Тийм чадвар ч бидэнд байхгүй учир анх цэрэг татлагын комиссоор иргэд ороход л тэнд сэтгэцийн эмч нар түлхүү ажиллаж дүгнэлт гаргаж байх хэрэгтэй.
Хоёрдугаар шатны судалгааг цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хугацаанд зохион байгуулдаг. Энэ хугацаанд олон улсад зөвшөөрөгдсөн сэтгэл зүйн сорил, сонжоо, тестийг ашиглахын зэрэгцээ асуулга, ярилцлагаар цэргийн алба хаагчдыг судалдаг. Үүний дараа шинэ албандаа томилогдон, албанд дадлагажих хугацаанд судлаад албанд нь мордуулна. Үүнээс цааш халагдан халагдтал манай сэтгэлзүйч офицерууд тасралтгүй судална. Ийм маягаар хугацааны цэргүүдийг судлах ажилд хилчин сэтгэл судлаачид маань нэг жилийн багагүй хугацааг зарцуулж байдаг юм.
БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ
-"Эх оронч дархлаа” гэсэн ойлголт бидэнд байх ёстой. Монголд хамгийн их дутагдсан зүйл гэж би хувьдаа боддог. Улс эх орны хөгжлийн тухайд авч үзэхэд ямар ч эх оронч дархлаа байхгүй хүн "Би эх орноо ингэж хөгжүүлнэ” гэж мянга яриад ч хөгжихгүй. Энэ дархлааг Монголын хэмжээнд ганц суулгаж байгаа газар нь цэргийн байгууллага гэж үздэг. Мэдээж олон төрийн бус байгууллага байгаа л даа. Гэхдээ албан ёсных нь бол цэргийн байгууллага мөн. Хилчин сэтгэл судлаач бид залуучуудад эх оронч дархлааг нь бий болгоход чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөн явуулдаг. Энэ дархлааг бий болгох нь эхлээд эх орон гэж юу болох, ямар үнэ цэнээр бидэнд олдсон. Бид яагаад эх орноо хайрлан хамгаалах ёстой гэдгийг гүн бат ойлгож, ухамсралахаас эхэлдэг.
Миний хувьд гадаадад боловсрол эзэмшсэн болон сурч байгаа мундаг залуучуудтай цөөнгүй уулзаж, лекцээ уншиж байсан. Тэд мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ үнэхээр мундаг байсан. Ганц байхгүй зүйл нь эх оронч сэтгэлгээ, дархлаа. "Та нар ийм өндөр боловсрол эзэмшчихээд эх орноо хөгжүүлээч” гэхэд минь "Монголд боловролтой хүмүүсээ дэмжихгүй, нийгэм нь залуусаа үнэлэхгүй байгаа юм чинь Монголд амьдрах ямар шаардлага байдаг юм. Хүнийг дэмждэг газар нь амьдарна” гэж ярьж байсан.
Би тэдэнд хариултыг нь хэлэхдээ "Өнөөдөр би амьд байгаа болохоор улс эх орон маань ирээдүйд гэрэлтэй байна. Та нар өөрсдийгөө мартаад байна. Та нар байгаа учир эх орон маань ирээдүйд хөгжинө. Та хүртэл ингээд бууж өгөөд хаявал ирээдүйд эх орон чинь удирдагчгүй, сэхээтэнгүй болно” гэсэн. Сайхан ирээдүйнхээ төлөө энэ өндөр боловсролтой сэхээтэн залуус маань л тэмцэж дуугарч, ажиллах хэрэгтэй. Тэд бууж өгсөн цагт Монгол маань хар нүхэнд унах болов уу.
Цэргийн алба хүнийг хөгжүүлдэг
-2004 онд өсвөрийн залуусын цэргийн албанд хандах хандлага гэсэн судалгаа авч байсан. Яг энэ судалгааг 2019 онд авсан. 15 жилийн зөрүүтэй хоёр судалгааны дүнг харьцуулахад хариу нь адилхан гарсан. Цэргийн насны залуус цэргийн албыг хүнд нөхцөлтэй, хүйтэн, өлсдөг, зодуулдаг, дарамт шахалт ихтэй гэсэн ойлголт 15 жилийн дараа ч байсаар байна. Цэргүүд анх албанд ирэхдээ маш их түгшүүр, айдастай байгаа нь судалгаагаар илэрдэг бол сарын дараа судлахад ачаалал авсан, бага зэрэг албанаас бэрхшээх хандлага нийтлэг ажиглагддаг.
Цэргийн алба хаагаад халагдах мөчид нь "Албаны зүгээс дутагдалтай зүйл байна уу”, "Та нарыг алба хаах хугацаанд хүнд, хэцүү зүйл юу байсан бэ”, "Цаашид юуг анхаарах вэ” гэх агуулга бүхий судалгааг заавал авдаг. Судалгааны дүнд цэргүүд маань 100 хувь "Бид анх ирэхдээ ямар тэнэг юм бодож байсан юм бэ”, "Иргэний амьдралд гараад ажлыг ингэж ч гялалзуулна, тэгж ч хийнэ” гэхчлэн их хүсэл эрмэлзэл, бадрангуй байдалтай байдаг. Энэ бол бодит байдал. Одоо цагт тэр гурван жилийн цэргийн үе шиг дарамт шахалт гэж юу байх вэ дээ. Одоо хоолондоо цаддаггүй цэрэг гэж байхгүй, иргэний амьдралдаа залуус маань өдөрт хоёр хоол иддэг бол цэрэгт өдрийн 3-4 удаа хоол иддэг. Манай хил хамгаалах байгууллагын хувьд цэргийн ар тал, ахуй хангалт маш сайн, илүү сайжруулсаар ч байгаа. Цэргийн аав ээжүүд хилийн цэргийн анги дээр очоод хүүгийнхээ амьдрах орчинтой танилцаж, иддэг хоолыг нь амтлаад сэтгэгдэл өндөр буцдаг. Бид бодит байдлыг л үзүүлдэг. Нэг ч зүйлийг нэмж хачирлаж эцэг эхэд нь үзүүлдэггүй. Хил хамгаалах байгууллага цэргийн албанд татагдан ирж байгаа залуусаа хөгжүүлж, Монгол Улсын хариуцлагатай зөв иргэн болгож төлөвшүүлэхэд л анхаарч байгаа.
Залуусыг эх оронч болгох нь бидний үүрэг
-Цэрэгт явах дургүй залуус их байна. Ний нуугүй хэлэхэд амьдралын боломж тааруу нэг нь цэрэгт явж, боломжтой нь мөнгөөр цэргийн албыг дүйцүүлэн хаах хандлага байдаг. Өнгөрсөн жил Дамбын Хишигжаргалын хүү Мөнхжин хилийн 0306 дугаар ангид алба хаасан. Энэ залуу тодорхой хүрээнд олонд танигдсаны зэрэгцээ цэргийн албанаас халагдаад олон сайхан ажлыг санаачлан хийж байгаа харагддаг. Үүн шиг тодорхой хүрээлэлд танигдсан залуус маань цэрэгт явахаас халгаж зугталгүй цэргийн албыг олон мянган залуусын нэгэн адилаар нэр төртэй хаагаад ирэхэд өсвөр насны залуус үлгэр дууриал авч цэрэгт явах хандлага дээшилнэ. Залуусын хандлагыг өөрчлөхөд Д.Мөнхжин шиг эх оронч сэтгэлгээтэй залуус их үүрэг нөлөөтэй.
Олон залуус цэргийн албанд их зүйлийг сурч, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж цэргээс халагдаж ирээд сайхан амьдарч байна. Зарим нь би цэргээс очоод хийх ажилгүй хий дэмий лааз өшиглөж явахаар хилийн цэрэгтээ гэрээт цэрэг болон үлдэж авсан цалингаараа амьдралаа дээшлүүлье гэх шийдвэр гаргах нь ч элбэг байгаа. Энэ бүх сайн сайхан хандлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн сурталчилмаар юм шиг санагддаг. Цэргийн албаны мөн чанарыг иргэдэд ойлгуулахад сэтгүүл зүйн салбар маш чухал. Хэвлэл мэдээллийнхэн Д.Мөнхжин шиг залуусын үйл хэргийг зурагтаар, сошиалаар солонгос киноноос илүү сурталчлаад өг. Залуус цэргийг эхлээд сонгоод ирэг, ирсэн цагт нь яаж эх оронч болгох нь офицер бидний үүрэг.
Бид залуучуудыг эх оронч болгохын төлөөх сурталчилгааг хийхийн тулд хэвлэл мэдээллийнхэнд мөнгө төлөх нь утаггүй шүү дээ. Харин манай телевиз, сэтгүүлийнхэн өдөр тутам эх орны үнэ цэнийг ойлгуулах сурталчилгааг хүмүүс хамгийн их телевиз үздэг цагаар гаргах хэрэгтэй. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хаа хаанаа л хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монгол Улс цэргийн байгууллагуудынхаа цэргийн сэтгэл судлалын салбарыг хөгжүүлж, бэхжүүлэх хэрэгтэй. Манай хөрш ОХУ-д гэхэд цэрэг улс төрийн салбараа 1991 онд хэрэгцээгүй салбар хэмээн үзэж татан буулгаснаас хойш цэрэг арми, залуучуудын эх оронч хандлага суларч албандаа итгэх итгэл үнэмшил муудсанаас үндсэндээ дайтах чадвар суларсан. Сүүлийн жилүүдэд энэ алдаагаа ойлгож улс орны цэрэг дайчид мэдээлэл, сэтгэл зүйн дайнд хэрхэн бэлтгэгдсэнээс арми хүчтэй байх эсэх нь шалтгаалдаг гэж дүгнэн хуучны хүчирхэг цэрэг улс төрийн байгууллагаа дахин байгуулсан. Манайх шиг залуучууд нь харийн улсыг сохроор шүтэн, өөрийн улсыг дорд үзэх болсон энэ цаг үед эх орон, газар нутаг гэж цаг үргэлж сурталчилан ярих цэрэг улс төрийн байгууллага ус агаар мэт хэрэгтэй гэж боддог.
Цэргийн сэтгэл судлаач мэргэжлийн ур чадвар өндөр байхыг шаарддаг
-Ахмадууд маань гавьяаныхаа амралтыг аваад сэтгэл зүй тогтворгүй болох байдал нийтлэг байдаг. Учир нь цэргийн алба өдөр, цаг тутам цэргийн алба хаагчаас ямар нэг зүйлийг шаардаж байдаг. Өөрөөр хэлбэл, "Чи тэмцээн уралдаанд ор”, "Бүжиг зохиож байна заавал ор”, "Тэнд тэдэн цагт жагс эсвэл бэлэн бай”, "Чи үдээс өмнө юу хийв”, "Ийм дууг заавал сур”, "Энэ хуулийг цээжлээд эргэж ярь”, "Хэлний боловсролоо дээшлүүл, мэдээлэлдээ суу” гэхчлэн тухайн цэргийн алба хаагчаас шаардаж эсвэл зааварчилж байдаг идэвхтэй нийгмийн харилцаа гэж ойлгож болно. Энэ амьдралын хэв маягаар 25, 30 жил явсан хүн тэтгэвэрт гарахад амьдрал эрс өөрчлөгддөг. Гэнэтхэн нэг өдөр хэн ч юу ч шаардахаа больж чимээгүй орчинд шилжихэд бусад хүн өөрийг нь хаяж, тоохоо больсон мэт тухайн ахмад хилчинд санагддаг. Үүнээсээ болж стрессдэж цаашлаад сэтгэл гутралд орох магадлал өндөр байдаг.
Иймд энэ бүлэг буюу ахмад хилчидтэй ажиллах нь бас хилчин сэтгэл судлаачдын бас нэгэн үндсэн үүрэг болдог. Насаараа эх орноо хамгаалж, эх орныхоо төлөө ярьж сэтгэж ирсэн, зүрх сэтгэл, оюун бодол ухаан, ар гэр, амьдралаа бүхэлд нь хилийн цэрэгтээ зориулсан ахмадуудаа хил хамгаалах байгууллага маань одоо алба хааж буй алба хаагчдынхаа нэгэн адил анхаарч, тусалж дэмждэг. Ахмад хилчид маань хил хамгаалах хүн хүч цөөрсөн үед сайн дураараа хилийн заставт очиж хил хамгаалалтад оролцож, үүрэг гүйцэтгэдэг. Хилчин ахмадууд амьдралынхаа сүүлийн цаг мөч хүртлээ алба хаасан хилийн ангитайгаа холбоотой байж, ангиас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, өөрөөс шаардлагатай бүх зүйлд тус дэм үзүүлж, залуу үеийг хүмүүжүүлэх ажилд идэхтэй оролцож, алт мэт үнэтэй зөвлөгөө, сургаалиа өгдөг.
Эрчүүд хилчин хэмээх мэргэжлийг сонгосон бол бүх насаа энэ албанд зориулдаг гэсэн үг. Аль ч үеийн хилчид эх орондоо гомдолдоггүй, илүүг нэхдэггүй, эх орноо шүүмжилж, муулдаггүй. Харин үргэлж сайн сайхнаар ярьж, хайрлаж байдаг энэ үзлийг бидний энэ хилчний алба суулгадаг гэж олгодог. Ажил, алба гэдэг чинь хоёр тусдаа ойлголт шүү дээ. Алба хаахад хөдөлмөрийн хуулийн өдөрт найман цаг, долоо хоногт 40 цаг гэхчлэн зүйл хамааралгүй, алба тасралтгүй үргэлжилдэг учир алба хаагчид зогсолтгүй хөдөлмөрлөнө гэсэн үг. Тиймдээ ч ажилчдын хууль, алба хаагчдын хууль хоёр тусдаа байдаг.
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин