Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, NEED YOU ONLUS, MONTURA олон улсын хүмүүнлэгийн байгууллага нар "Амьдралын төлөөх гэр” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. "Амьдралын төлөөх гэр” төслийн хүрээнд гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 10 дугаар хороонд байрлах утаагүй, шалны халаалттай, гэрэл цахилгааныг бүрэн шийдсэн гэр цогцолборт 10 өрхийг мэдээлэл, судалгааны үндсэн дээр сонгон авч, ёс суртахуун, харилцаа, эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож, бие даасан, бүтээлч, зөв иргэдийг төлөвшүүлж, амьдрах ухаанд сурган бойжуулж байгаа юм.
Төслийн эхний шат өндөрлөж байгаа бөгөөд өнөөдөр бойжигч өрхүүдэд амьдарч байсан гэрийг нь олгох арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд дүүргийн Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн оролцож төслийг санаачлан зорилтот бүлгийн өрхүүдийг амьдралын зөв замд татан оруулах хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвх санаачилга гарган ажиллаж байгаа Давид Бэллатала, дүүргийн Улаан загалмайн хороо болон хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөллүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн үеэр цаашид энэхүү төслийг хэрхэн өргөжүүлэх талаар санал, сэтгэгдлээ солилцов. Төслийн хоёрдугаар шат дараагийн бойжигч өрхүүдийг мэдээлэл, судалгаанд үндэслэн сонгосноор ирэх наймдугаар сараас эхлэх юм.