"Загас толгойноосоо өтдөг” гэдэг бол АН дотроосоо хулгайлдаг, хагаралддаг. УИХ-ын сонгуулийн үеэр намын дарга нь нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө авч, түүнийгээ хаана, хэрхэн, юунд” зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Үүнийг нь өнөөгийн намын даргын үүрэг гүйцэтгэгч аудитын шалгалтаар илрүүлж өдгөө асуудал нь хурцдаж, дотоод зодоон нь улам бүр ширүүссэн.
УИХ-ын сонгуулийн үеэр садан төрлийн холбоогоо давамгайлж, санхүүгийн чадамжаар нь нэр дэвшүүлж байсан АН-ын дарга С.Эрдэнэ алсуураа бол АН-ыг дотроос нь "идэж” байсан нь одоо ил болж байгаа нь энэ.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ тухайн үед С.Эрдэнэ даргатайгаа хэрүүл хийн, хуц, улиарай дуудуулан хөөгдөж байсан бол өнөөдөр "хэлсэн биз дээ, анхааруулсан шүү дээ” хэмээн бусдыгаа буруутгаж байгаа.
Харин энэ удаагийн сонгуульд бол нэгэнт мөнгөгүй болсон гишүүд нь дахин өрсөлдөж чадахгүй учраас улстөрд удам залгагчид "жигүүрлэн ирж” "жижүүрлэн суухаар” нэр дэвшсэн. Санхүүгийн асуудлыг нь "салж” явсан "хөрөнгөтнүүд” нь шийдвэрлэж, хариуг нь ирэх жилд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр авахаар болсон нь ч өдгөө ил цагаандаа гарчээ.
Товчхондоо дотроосоо хулгайлдаг байсан АН-ынхан одоо дотооддоо хагаралдах болсон шалтгаан нь ердөө л хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой. АН-ыг гэх сэтгэлтэй, лидер гэгдэж ирсэн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин тэргүүтнүүд нь нэгэнт намаа санхүүжүүлж чадахгүй болох хий "газар самарч”, цахимд бичихээс хэтрэхгүй үлдсэн болохоор амбицын хойноос алхагсад нь хэнбугайтай ч хамаагүй "нөхцөж”, НИТХ-ын төлөөлөгч гэх сэтэртэй үлдэж, нийтэд танигдан албан тушаал горилж байгаа энэ. Тиймээс албан тушаалын төлөө намаа самарч, хөрөнгөтнүүдээ дагаж хөдөлгөөнд орсон АН-ын нэр дэвшигчдэд нийслэлчүүд итгэвэл ч ёстой л "өдий хүрчхээд үлгэрт” итгэлээ гэж амаа асуулгах байх даа.