Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр, "Петровис" ХХК-ий хувь нийлүүлэгч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11 сарын 12-нд болохоор товлогдоод байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбогдуулан хойшлуулсан билээ. С.Баярын хувьд ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид хоригдож буй агаад эрүүл мэндийн байдал тааруу байгаа ажээ.
Тухайн хүний эрүүл мэндийн асуудал нь хувь хүний нууц тул бид дэлгэрэнгүй бичихийг төвдсөнгүй, юутай ч хэд хэдэн суурь өвчин нь сэдэрсэн байна. Хэргийн тухай дахин сануулахад С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн "Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох "Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн, АНУ-д үл хөдлөх худалдан авах замаар мөнгө угаасан гэх үндэслэлээр таван жилийн хорих ял, харин Ч.Даваанямыг Ерөнхий Сайд асан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Э.Мягмар