Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 4.56 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.77 сая тонн буюу 63.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг УУХҮЯ-наас мэдээлжээ.
"Fenwei Energy”-гийн тооцооллоор Ганцмод боомт дахь угаасан коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын дараах үеийн дүнгээс 50 юаниар буурч, тонн нь 1350 юань болжээ. Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 70 юаниар буурч, 1110 юань болсон байна.
Ганцмод боомтоор нэвтэрч буй Монголын нүүрс тээврийн автомашины тоо 600 хүрээд байна. Үүнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад 33 гаруй хувиар нэмэгджээ.
Түүнчлэн оны эхний хоёр сард манай улс 225 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 32.7 мянган тонн буюу 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Уул уурхайтай холбоотой бас нэг мэдээлэл нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн бондыг ирэх оны 4 дүгээр сард гаргах тухай юм. Засгийн газраас Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний 2 их наяд хүртэлх төгрөгийг энэхүү бондоос төвлөрүүлэхээр тооцоолж байгаа аж.
Эрдэс баялгийн бирж байгуулах талаар УУХҮЯ мөн мэдээлж байна. Тус яамнаас Эрдэс баялгийн биржийн болон Үндэсний баялгийн сангийн хуулийг төслийг санаачлан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ