Зээлжих зэрэглэл тогтоогч "Moody’s" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ сарын 16-нд "B3” хэвээр хадгалж, төлөвийг "тогтвортой” болгож ахиуллаа.
Цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж тус агентлагийн шинжээчид дүгнэснийг төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.
Тодруулбал, Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон улсын төсвөөс хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын зээллэгийн шаардлагыг бууруулсан.
Мөн, БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспорт сайжирсан. Ялангуяа нүүрсний экспорт 2020 оны II хагаст сэргэж, алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй байв.
Өнгөрсөн оны есдүгээр сард хэрэгжүүлсэн өрийн дахин санхүүжилт нь 2021 оны эргэн төлөх өрийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш байгаа аж.
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт, хэрэгцээг багасгахад дэмжлэг болжээ. Төсвийн алдагдлыг 2021 онд багасгаж, ДНБ-ий өсөлтийг дэмжих гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх гэжээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2020 оны эцэст 4.0 тэрбум ам.доллар байснаас 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэж "Moody’s" агентлаг тооцоолсон байна.