ЗТХЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран УИД, 75 дугаар сургууль, "АПУ” компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын уулзварын явган хүний гарцад хараагүй хүмүүст зориулсан дуут дохиог суурилууллаа.
ЗТХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлэх аж. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд тэдэнд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ.
Тус дэд зөвлөлөөс тэргэнцэртэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өнгөрсөн жил хүлээлгэн өгч байв. Түүнчлэн ЗТХЯ, "Дөрвөн бэрх хөгжил” сан хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль, 186 дугаар тусгай цэцэрлэгийн гадна орчинд үнэлгээ хийж, тохижуулсан аж. Мөн төмөр замын зорчигчийн 482 дугаар вагоныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, дотоод нөөц бололцоогоо ашиглан тоноглосноор 2160 иргэнийг тэргэнцэртэйгээ төмөр замаар бэрхшээлгүй, тухтай зорчих боломж бүрдүүлжээ.