БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлд гаргах хамтын хүчин чармайлтын талаар Вашингтон хотноо хэлэлцлээ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Пёньян өнгөрсөн долоо хоногт Солонгос хоорондын харилцаа холбооны шугамуудыг сэргээсэн нь цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх найдлага төрүүлээд буй энэ үед БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн асуудал хариуцсан товчооны дарга Рим Кап Су, БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн орлогч Жун Пак нар уулзжээ.
"Талууд Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад дорвитой ахиц дэвшил гаргах, БНСУ, БНАСАУ-ын хооронд, БНАСАУ-АНУ-ын хоорондын яриа хэлэлцээг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэх нь ач холбогдолтой болохыг дахин нотоллоо” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мөн БНАСАУ-АНУ-ын хэлэлцээ болон Солонгосын хоорондын харилцааг ахиулах арга замуудын талаар бодитой, нягт нямбай хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгийг дурдсан байна.
Хоёр Солонгос харилцаа холбооны шугамуудаа долоодугаар сарын 27-нд буюу БНСУ-ын идэвхтнүүдийг Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудас хил дамнуулан илгээснийг эсэргүүцэн БНАСАУ тасалснаас хойш 13 сарын дараа эргэн сэргээсэн юм. Түүнээс хойш Сөүл АНУ тэргүүтэй бусад холбогдох орнуудтай дипломат ажиллагаагаа идэвхжүүлжээ.