ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 51 улс орны төлөөлөгчид оролцоно гэж тус улсын Шадар сайд, Алс Дорнодын бүс нутгийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев өнөөдөр мэдэгдлээ.
"Өнөөдрийн байдлаар 51 улс орон чуулга уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ цаашид цаг бий. Өмнөх форумд хамгийн олон буюу 65 улс орны төлөөлөгчид оролцсон. Та бүхний харж байгаачлан одоогоор энэхүү түвшинд хараахан хүрээгүй байна. Тиймээс бид урилгаа үргэлжлүүлэн илгээнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Ю.Трутневийн хэлснээр, коронавирусний халдварын нөхцөл байдлыг харгалзан зочдоос дагалдах бүрэлдэхүүнгүй ирэхийг хүсэж байгаа ажээ. "Ингэснээр чуулга уулзалтад оролцогчдын тоо хоёр жилийн өмнө 8000 байсан бол энэ удаад 50 орчим хувиар бууран 4000 болно. Гэсэн хэдий ч компанийн удирдлагууд, Засгийн газрын төлөөлөл болон Ази, Номхон далайн бүсийн орнууд гэх мэт голлох оролцогчид үйл ажиллагаанд оролцох тул үнэ цэнээ алдахгүй” хэмээн нэмж хэлжээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо ирэх есдүгээр сарын 2-4-нд болно. Өндөрт түвшний зочдын хувьд энэхүү үйл ажиллагаанд биечлэн болон цахимаар оролцох төлөвтэй байна.