НЗДТГ-аас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр "Намрын ногоон өдрүүд"-ийг Сүхбаатарын талбайд үргэлжлүүлнэ.
Ингэхдээ 50 асарт үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж олгожээ.Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жижиг, дунд үйлдвэрлэгч, ногоочид, тариаланчдыг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулж ашиг орлогоо нэмэхээр үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын нэгэн хүртэл сунгаж өгөх хүсэлтийг ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан аж.
ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА-наас энэ сарын 16-23-нд "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Энд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийв. Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, "ХХААХҮ-ийн сайдтай "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж буй иргэдээ дэмжих бодлого барьж байна. Иргэдээс түрээс авахгүйгээр зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлэх зохицуулалт хийж байна” хэмээжээ.