АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Dewey” пуужинт хөлөг онгоц болон Канадын Тэнгисийн цэргийн хүчний "HMCS Winnipeg” харуулын хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарчээ.
Энэ тухай Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч, дэд хурандаа Ши И "Weibo” нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, хөлөг онгоцууд 10 дугаар сарын 15-ны өдөр Тайванийн хоолойгоор гарсан байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Америк, Канадын цэргийн хөлөг онгоцуудыг ажиглаж, дагалдан явжээ.
"АНУ, Канад улсууд өдөөн хатгалга, эмх замбараагүй байдал зохион байгуулахаар үгсэн хуйвалдсан. Энэ нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна" гэж албан есны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.
"Тайвань бол Хятадын нэг хэсэг. Байлдааны командлалын Зүүн бүсийн хүчнүүд байнга өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг бөгөөд аюул занал, өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг бат, тууштай авна" гэж Ши И цохон тэмдэглэжээ.