УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо.
Энэ хүрээнд:
1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу "дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
2.Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
3.Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.