Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна.
Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай авто вокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Шинэ коронавирусын дэгдэлттэйгээр холбоотойгоор орон нутгийг зорих зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргаж байгаа юм.
Тухайлбал ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлүүдэд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4,000-5,000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6,000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв