Хятад улсад шинэ төрлийн коронавирусний тархалтын зохицуулалттай холбогдуулан хэд хэдэн өндөр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Одоогийн байдлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хамгийн өндөр албан тушаалтнуудад Хубэй мужийн Эрүүл мэндийн комиссын намын нарийн бичгийн дарга болон уг комиссын дарга нар багтаж байна. Мөн Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн дэд даргыг хандивыг зохицуулах "үүргээ үл тоомсорлосон” хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хубэй мужид даваа гарагт коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 103 хүн нас барснаар Хятадад уг өвчний улмаас нас барсан хүний нийт тоо 1016 хүрчээ. Гэсэн хэдий ч Хятад даяар бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлыг өмнөх өдрийнхтэй харьцуулахад 20 хувиар буурсан байна.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, халдварын тархалттай холбогдуулан Хубэй тэргүүтэй мужуудад албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөрдөн шалгах, анхааруулах ажиллагааг өргөнөөр явуулж байгаа ажээ.
Мөн албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн зэрэгцээ эрх баригч Коммунист намаас шийтгэл ногдуулж байгаа аж. Энэ сарын эхээр Ухань хотын Статистикийн товчооны дэд даргыг мөн чөлөөлж, намын шийтгэл ногдуулсан байна.
Үүний зэрэгцээ Хубэй мужийн Хуанган хотын /вирусний халдварын үзүүлэлтээр Уханий араас хоёрдугаарт жагсаж байгаа/ Эрүүл мэндийн комиссын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Хятадын эрх баригчид хямралыг зохицуулж буй арга хэмжээнүүдийнхээ улмаас сүүлийн өдрүүдэд шүүмжлэлд өртөх болжээ. Коронавирусний халдварын талаар анх анхааруулсан эмч нас барсан нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд уг эмчийн мэдээллийг эрх баригчид нуун дарагдуулсан аж.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг