Иргэдийн итгэл суларчээ. Тодруулбал Гашуун сухайтын боомтын орчимд буюу Хятадын Халиут хотод коронавирусын 2 тохиолд гарч Гашуунсухайтад сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн нь иргэдийн сэтгэл зүйд ийн нөлөөлөв. Энэ мэдээтэй зэрэгцэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн нь иргэдийн итгэлийг бүр ч сулруулав.
Тиймээс Иргэдийн нэгдсэн холбооноос өнөөдөр буюу 2 дугаар сарын 11-нд хил хаах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Иргэдийн нэгдсэн холбооноос 24 цагийн дотор яаралтай шийдвэр гаргаж, хилийн боомтуудаа бүгдийг хаах нь зүйтэй гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.
"Өнөөдөр сар шинэ хийх, хийхгүй тухай хуралдаж байхаар улсын хилээ хаахыг чухалчлах ёстой. Иргэдийн зүгээс урьдчилан сэргийлэлтийг сайн хийж байгаа ч хил хаагаагүй тохиолдолд энэ аймшигт тахлаас ангид байна гэсэн ойлголт байхгүй” гэж тэд үзэж байгаа аж.
Тус холбооныхон Монгол Улсын хилийн долоон боомтыг 24 цагийн дотор яаралтай хаах шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт хүргүүлжээ.
Тэдний зүгээс "Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барьц алдаж байхад манайх шиг буурай улсад ороод ирвэл бид яаж ч чадахгүй” гэж үзэж байгаа юм байна.
Хэрэв Монгол Улсын хилийг хаахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж мэдэгдсэн байна.