Тээврийн цагдаагийн албанд Сар шинийн баярын өдрүүдэд 527 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас орон нутагт зургаан хүний амь хохирчээ.
Тодруулбал, битүүн буюу энэ сарын 23-ны 11 цагт 11.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн нутаг "Баянхошуу” гэх газар "Toyota-Prius-10" загварын тээврийн хэрэгсэл онхолдож 22 настай жолоочийн амь хохирчээ. Мөн тухайн өдрийн 12 цагт Дорнод аймагт "ММС-L200" загварын машинаар ухрахдаа хоёр настай охиныг мөргөж, амийг нь хохироожээ. Үүнээс гадна энэ сарын 25-ны 20.00 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул суманд "KIA-Fronteir" загварын ачааны машинаар ухрахдаа 5 настай хүүг дайрч амийг нь хохироосон байна. Түүнчлэн, энэ сарын 26-нд 08.10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн нутагт "Нyundai-Porter" загварын ачааны машинаар ухарч байхдаа 45 настай эрэгтэйг дайрч амийг нь хохироосон хэргийг тус тус шалгаж байна.
Нийслэлд баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн бэртэж, хоёр хүний амь хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 24-ний 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11 дүгээр гудамжинд загвар, улсын дугаар тодорхойгүй автомашин 41 настай эрэгтэйг мөргөж хэргийн газрыг орхиж явсан бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж жолоочийг саатуулжээ. Мөргүүлсэн иргэн нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Мөн энэ сарын 25-ны 14.32 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд "Jeep wrangler" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 28 настай жолооч амиа алджээ.
Сар шинийн өдрүүдэд согтуугаар жолоо барьж осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн. Ноднингийн Цагаан сартай харьцуулахад дуудлага 72.3 хувь, бүртгэсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувь, хүний амь хохирсон осол 38.4 хувь, бэртэж гэмтсэн хүн 92.1 хувиар цөөрсөн байна.
Montsame.mn