2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр "Ковид 19” илрээд буй билээ.
Түүнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулж эхэлсэн ба хариу нь гарч эхэлжээ. Тодруулбал нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөө өглөө эхэлсэн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ албан ёсоор өгчээ.
Гэвч олон улсын жишгээр нууц үе нь 14 хоног орчим байдаг тул энэ нь санаа амрах шалтгаан биш бөгөөд тэднийг тусгаарласан хэвээр байна. Мөн 2,3-р хавьтлын иргэдийг олж илрүүлэх, тусгаарлах ажил хийгдсээр буй юм.
Э.Мягмар
Sonin.mn