Өмнөговь аймагт 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл "Зөгийн үүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд гадаадын 16 улсад 12 салбарын 847 иргэнийг мэргэшүүлэх, туршлага судлуулах ажлыг хийжээ. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Уугантуяа хэлэхдээ "Зөгийн үүр хөтөлбөр нь аймаг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэд төрийн албан хаагчдыг гадаадын улс орнуудад сургах, мэргэшүүлэх, туршлага судлуулах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 11 төрлийн арга хэмжээг зохион байгуулаад байна" гэлээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Тайвань улсад 21 төрийн албан хаагч 2 жилийн хугацаатай суралцаад энэ жил төгсөж иржээ. Өмнөговь аймгийн хэмжээнд англи хэлний 47 багш байдаг бөгөөд тэднийг 100 хувь Филиппин, Энэтхэг улсад англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамруулжээ. Тэд одоо орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж байна. Уг хөтөлбөрийг энэ жил мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.