Байгалийнхаа жамаар төрөх, кесарево (хийсвэр) хагалгаагаар төрөх ихээхэн ялгаатай байдаг байна. Төрөх замаараа төрөх үед ямар нэг эдийн гэмтэл үүсэхгүй, төрсний дараа биеийн тэнхрэх үйл явц хурдан явагддаг бөгөөд сүү хурдан ордог зэрэг давуу талууд бий. Байгалийнхаа жамаар төрөх бол мэдээж хамгийн сайн арга зам. Гэхдээ олон цаг өвдөх, өвдөлт мэдрэх, удаан өвдсөнтэй холбоотойгоор ургийн бүтэлт үүсэх, улмаар хүүхэд тархины даралттай төрөх зэрэгт зарим талаар нөлөө үзүүлэх хүчин зүйл болдог учраас тухайн нөхцөл байдлаас шалтгаалж төрөлтийг кесарево хагалгаагаар шийддэг байна.
Хагалгааны үйл явц дунджаар нэг цаг үргэлжилдэг байна. Хагалгаагаар хэвлийн олон давхаргууд бүгд зүсэгддэг учраас хэвлийд болон умайд шарх, сорви үүсдэг. Тиймээс төрөх тоо хязгаарлагддаг аж. Умайдаа сорвитой бол дээд тал нь хоёр төрөх ёстой ч зарим ээж амь насаа дэнчин тавиад дөрвөн удаа кесарево хагалгаанд орж байна. Таван удаа хагалгаагаар төрсөн хүмүүс ч байдаг. Кесарево хагалгааны гол хор уршигтай тал гэвэл умайд сорвижилт үүсгэдэг. Тиймээс дараагийн жирэмслэх явцад нөлөөлдөг. Хагалгааны шарх сайн эдгэсэн, сайн техниктэй хагалгаа хийгдсэн, хагалгааны дараах эдгэрэлт хэвийн, одоогийн жирэмслэлт хэвийн явагдаж, хүүхэд хэвийн бойжиж байгаа тохиолдолд нэг хагалгаагаар төрсөн хүн хоёр дахиа байгалийн жамаараа төрөх боломж байдаг. Төрөх зам аяндаа бэлтгэгдээд байгалиараа бүх зүйл явагдсан үед энэ боломжтой. Харин хоёр удаа кесарево хагалгаанд орж төрсөн бол төрөх замаар төрөх боломжгүй байдаг аж.