Манай улсад Польш улсын барилгын зураг төсөл, онгоц үйлдвэрлэл, хүнсний салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирээд байна. Тэд өнөөдөр болсон Монгол-Польшийн бизнес уулзалтад оролцлоо. Монгол Улсад суугаа БНПУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ Европын Бизнес клубтэй хамтран зохион байгуулсан бизнес уулзалтад Польшийн онгоц үйлдвэрлэгч, барилгын зураг төсөл, хүнс, хуулийн зөвлөх үйлчилгээний чиглэлийн 5 компанийн төлөөлөл, Монголоос 30 компани, ААН-ийнхэн оролцов.
Польшийн ААН-үүд үйл ажиллагаагаа танилцуулж, дараа компаниуд хоорондын ганцаарчилсан уулзалтууд болж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин хөгжиж буйг уулзалтад оролцсон Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Польш улсын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдийн хүрээнд идэвхитэй харилцаа холбоо тогтоох, тэдгээрийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг балансыг тэнцвэржүүлэх зэргээр талууд харилцан ашигтай хэлбэрээр хамтын ажиллагааг идэвхижүүлж байна.
Тухайлбал, боловсролын салбарт оюутнуудыг сургах, Польш хэл судлалыг МУИС-д хөгжүүлэхийн тулд МУИС болон Лодзийн их сургуулийн хооронд банк, санхүү, нягтлан бодохын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байна.